Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2022.04.21/ Худалдаан хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаанд цагдан хорихоор шийдвэрлэв.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” корпораци хувьцаагаа зарах санал ирүүлснийг “Монголын зэс” компани худалдан авсан үйл явдал 2016 онд болсон. “Монголын зэс” нь Худалдаа хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, үндэсний компани гэдгийг тухайн үед мэдээлж байв.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан компанийн асуудлыг олон жил хөндсөн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Би 2016 оноос л “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг ярьж эхэлсэн. Анх ярьж эхлэхдээ сүүлчийн цамцаа урагдтал явна гэж хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд зам чөлөөлөх, сүлжээг нь таслах ажил хийлээ, цамц маань нэлээд урагдсан. Надад бас гэр бүлд минь халдсан гээд маш хүнд даваа давсан. Тагнуулын байгууллага оролцчихсон. Үүнийг “мафи” гэдэг юм. Ганц УИХ-ын гишүүн, нэг сайд байтугай төр хөдлөөд ч дийлэхгүй шахуу л халхавч байдаг юм шүү дээ.
Ийм аюултай бүлэглэл улс, орнуудад байдаг. Гэхдээ манайх шиг төр барьж байгаа намууд нь ташраараа нэг хүний халаасанд орсон тохиолдол ховор. Эрдэнэтийн 49 хувийг ярьж байхад Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр орж ирээд улаан цайм өмөөрч байсан.
Д.Эрдэнэбилэг гэдэг хүн 2005 онд Улаанбаатар банкийг аваад, дараа нь Худалдаа хөгжлийн банкийг авсан. Үүнээс гадна нэг хүнтэй, нэг сая төгрөгийн дүрмийн сантай жижиг компани олныг байгуулаад Эрдэнэт рүү нэгийг, Хөтөл рүү өөрийг, Дархан руу бас нэгийг хөдөлгөөд байсан. Цаашлаад III, IV цахилгаан станцыг авах гэж байсан. Багануурын уурхайг бараг авсан ч шүүхээр явж байж салсан. Өнөөдөр цагдан хорилоо, цаашид яаж дуусахыг би сайн мэдэхгүй байна” гэж байр сууриа илэрхийлэв.