ОХУ-аас Польш улсад суугаа Элчин сайд Сергей Андреев руу улаан будаг цацжээ. Тэрээр Варшав дахь Дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын шарилд цэцэг өргөх ёслолд оролцох үедээ ийнхүү халдлагад өртсөн байна. Польш болон украинчууд түүний замыг хааж, үг хэлээр доромжилсон бөгөөд уг явдлын дараа Андреев цагдаагийн хамгаалалт дор оршуулгын газраас явжээ.
Элчин сайд Андреев “Би үүнийг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Манай барууны хамтрагчид, тэр дундаа польшуудын зааж сургах дуртай соёлт нийгмийн дүрэм журамтай огт нийцэхгүй зэрлэг балмад явдал байлаа. Энэ явдлыг урьдчилан таамаглаж болох байсан. Гэтэл энэ замбараагүй явдал болж дууссаны дараа л эцсийн эцэст цагдаа ирлээ. Бидний гэгээн баярыг, Ялалтын баярын өдрийг үгүй хийчихлээ” гэжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мария Захарова “Неонацизмыг шүтэн бишрэгчид царайгаа дахин харууллаа. Дэлхийн хоёрдугаар дайны баатруудын хөшөөг нурааж, булшийг нь гутаан доромжилж, эдүгээ соёлт хүн бүрийн хүндэлдэг энэ ариун өдөр цэцэг өргөх ёслолыг тасалдуулж байгаа нь нэгэнт илэрхий байна. Барууныхан фашизмын хойд дүрийг төрүүлэх зам засаж байна” гэж бичжээ.
Польшийн Дотоод хэргийн сайд Мариуш Каминский“Нөхрүүд нь эх орноо хамгаалахаар тулалдаж байгаа украин эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөлийг ойлгож байна” хэмээгээд Оросын Элчин сайдыг Варшавт тавдугаар сарын 9-ний цэцэг өргөх ёслолд оролцохгүй байхыг зөвлөсөн тухай Твиттертээ бичсэн байна. Харин Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау уг явдалд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: RBC