\”Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй санал байгаагүй учир тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм.
Мөн хуралдаанаар \”Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн тус тус хоёр гишүүн /нийт 4 гишүүн/ үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн бөгөөд тухайн гишүүдийн оронд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг нээлттэй зарласан юм.
Энэхүү зарын дагуу Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр ажиллахаар нийт найман хүн нэрээ дэвшүүлсэн байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 4 гишүүнийг сонгох саналаа өгсөн юм. Нууц санал хураалтын дүнгээр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нарыг ажиллуулах нь зүйтэй үзсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох чөлөөлөх асуудлаар санал хураалт явууллаа.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Д.Дулмаа, Ц.Отгонбаяр, Д.Ганбаяр, Л.Ганпүрэв нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний үүрэг ажлаас чөлөөлж, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нарыг томиллоо.