Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын зорчих хэсгийг өнгөрсөн оны намраас нээн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж эхэлсэн. Одоо улсын комисс ажиллуулах боломж бүрдсэн эсэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар газар дээр нь үзэж, ажиллан тодорхой асуудлуудаар чиглэл өгөв.
Тэрээр, Ардын хувьсгалын 100, 101 жилийн босгон дээр 21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажил Загастайн даваагаар отголж байна. Монгол Улсын хамгийн өндөрт урт үргэлжилсэн даваан дээрх энэ зам уулын ажил ихтэй, тахир тойруу ихтэй хүнд ажил. Гэсэн хэдий ч замын чанар дажгүй сайн болсон байна. Харин өнгөрсөн жил сэрүү орсон үед хучилт хийсэн богино хэсэгт арзайлт өгсөн байгааг хуулж дахин хийхээр гүйцэтгэгч байгууллагын удирдлагатай тохирлоо. Энэ замыг улсын комисс хүлээн авсны дараа засвар арчлалт маш их шаардана. Завхан АЗЗА хүн хүчээ нэмэгдүүлж, сайн ажиллах шаардлагатай болно гэлээ. Мөн тэрээр, зам ашиглалтад авахаас өмнө далангийн шороо авсан карьерын нөхөн сэргээлтийг өмнө ямар байсан тэр хэмжээнд нь хүргэх шаардлагатайг гүйцэтгэгч болон зөвлөх компанийнханд хэлэв.
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Зам, тээврийн хөгжлийн сайд авто замын аюулгүй байдал, зорчих хэсгийн чанарт мэргэжлийн зөвлөгөө өглөө. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Завхан аймгийн иргэдэд чухал ач холбогдолтой. Цаашид зам ашиглалт, арчлалт дээр Зам, тээврийн хөгжлийн яамтай орон нутаг хамтарч ажиллах болно гэв.
Тус авто зам нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Монгол орны Тарвагатайн нурууны хүндрэлтэй даваа болох Загастайн давааг дайран өнгөрдөг юм. Энэхүү авто зам ашиглалтад орсноор бүх аймгийн төв нийслэл хоттой бүрэн холбогдож, ард иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ Завхан аймгийг зорих гадаад дотоодын аялагчдын тоо нэмэгдэж, тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдэж байна.