Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлт, авч буй хариу арга хэмжээ, банкны өнөөгийн байдлын талаар тус банкны гүйцэтгэх захирал мэдээлэл өгөв.
Гүйцэтгэх захирал Н.Мандуул “Хөгжлийн Банк нийт 3.1 их наяд төгрөгийн зээл гаргасан бөгөөд үүний 1.6 их наяд нь хувийн хэвшлийн, 983.2 тэрбум нь төрийн өмчит компаниудынх бол Хөтөл, Кью Эс Си компанитай холбоотой 521 тэрбум төгрөгийн зээл байна.
Хөгжлийн Банкны зээлийн өр барагдуулалт 2022 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 248 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна.
Харин зургаадугаар сарын 16-нд нэг зээлдэгч нэмж 20 тэрбум төгрөгийг эргэн төлж байгаа. Ингэснээр нийт эргэн төлөлт энэ сарын 16-ны өдрийн байдлаар 270 орчим тэрбум төгрөг болж, эрчимжиж байгаа” гэв.
Зээлийн эргэн төлөлтийн мөнгийг Төрийн сангийн Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлж буй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зээлээ хамгийн идэвхтэй төлж эхэлсэн. Харин төрийн өмчит компаниудад хамаарах өрийг барагдуулах Засгийн газрын тогтоол гарсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх үйл явц үргэлжилж байгаа юм байна.