Төр засаг төсвийн тодотголыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэхдээ өнөөдрийн үнийн өсөлтөөс бага орлоготой иргэдийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан.
Үүний дотор нэг сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос иргэний өөрөө төлсөн тэтгэврийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгохоор болсон.
Тодруулбал, 5-11 сар хүртэл иргэний өөрөө төлсөн тэтгэврийн шимтгэлийн 50 хувь буюу нэг сая төгрөг, түүнээс доош цалин хөлс, орлогоос тооцож буцаан олголт хийгдэхээр шийдвэрлэсэн билээ.
Өнгөрсөн тавдугаар сарын мэдээллээр, нэг сая төгрөгийн цалин хөлстэй 280 орчим мянган иргэн бий гэсэн тайлан мэдээ гарчээ.
Эдгээрээс 80 орчим мянга нь сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгаа аж. Тавдугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаалт зургадугаар сарын 25-наас хойш буюу энэ долоо хоногт шилжсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн мэдээлснээр, эдгээр иргэдийн төрд байгаа мэдээлэл дээр үндэслээд нийгмийн даатгалын шимтгэлийн буцаалтыг хийжээ.
Харин 13 мянган иргэний данс, мэдээлэл төрд байхгүй байгаа бөгөөд дийлэнх нь сайн дурын даатгуулагч аж.
Тэдгээр хүмүүстэй сум, аймгийн нийгмийн даатгалын байцаагчдаар дамжуулан холбоо барьж, дансыг нь авах арга хэмжээ авч буй юм байна. Мөн 1700 иргэний данс, нэрийн зөрүүтэй байдлын улмаас шилжүүлэг нь буцжээ.
Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалин хөлстэй нийт 280 мянган иргэнээс 14 орчим мянган иргэний нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаалтын шилжүүлэг буцжээ.