Туркийн таван иргэн сармагчны цэцэг өвчний халдвар авсан хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээлэв. БНТУ-д хамгийн эхний халдварыг зургаадугаар сарын 30-нд бүртгэжээ.
Таван өвчтөнөөс дөрөв нь эдгэрч, нэг өвчтөний эмчилгээ үргэлжилж байгаа аж. Тус улсад халдвар авсан иргэдийг тусгаарлан, эмнэлэгт хэвтүүлж байгаа бол зарим улсад өөр бодлого баримталж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) долоодугаар сард энэ өвчний улмаас дэлхий нийтэд онц байдал зарласан. Тус байгууллага хоёр удаа онц байдал зарласан нь менингит, ковид-19 цар тахлын халдварын үе байв.
ДЭМБ-аас мэдээлснээр сармагчны цэцэг өвчнөөр 75 улсын 16 мянган хүн өвчилж, долоодугаар сарын 26-ны байдлаар таван хүн нас барсан байна.
САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ өвчнийг анх 1950-иад онд Төв Африкт бүртгэсэн.
Халдвар авсан өвчтөнүүдийн биеийн байдал хүндрэхгүй бол тухайн хүн халдвар тархаах нь бага аж. Энэ өвчин ширэнгэн ой бүхий Африкийн орнуудад түлхүү бүртгэгддэг.
Вирусийг нь Төв Африк, Баруун Африк гэж хоёр ангилна.
Халдвар авсан иргэдэд халуурах, толгой өвдөх, арьс загатнах, хавдах, нуруу, булчин өвдөх шинж тэмдэг илэрдэг. Өвчтөний халуун буусны дараа эхлээд нүүр, дараа нь биеийн бусад хэсэг, алган дотор, хөлийн уланд товруу гарна. Заримдаа эдгэрсний дараа сорви үлддэг.
Тууралт нийт өвчтөнүүдийн 95 хувьд нүүрэнд, 75 хувьд нь гар, хөлд нь гарчээ. Өвчтөн 14-21 хоногт эдгэрдэг ч халдварын нууц үе урт тул өвчтөн өөрөө ч мэдэлгүй халдвар тараасаар байдаг.
Өвчтөн анх халдвар авснаас хойш 6-14 хоногийн турш бусдад халдвар тараах эрсдэлтэй.
ЭНЭ ВИРУС ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ ВЭ?
Халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болбол энэ вирусээр өвчилнө. Вирус хүний бие рүү шалбарсан арьс, амьсгалын зам, нүд, хамар, амаар болон бэлгийн замаар дамждаг.
Халдвар авсан өвчтөнүүдийн дунд ижил хүйстнүүд олон байгаа юм. Испанид халдвар авсан нийт өвчтөний 98, Их Британид 99 хувь нь гэй байжээ.
Гэсэн ч хүүхэд, эмэгтэй өвчтөний тоо өссөөр байна. Хүүхэд, эмэгтэйчүүд эрэгтэй хүнтэй харьцуулахад илүү хүнд өвчилдөг онцлогтой.
Энэ өвчин хэр аюултай вэ?
Дийлэнх өвчтөн хөнгөн өвддөг. Гэхдээ Баруун Африкт энэ вирус олон хүнийг үхэлд хүргэжээ. Бразил, Испанид нас баралт бүртгэсэн нь Африкийн гадна бүртгэсэн, анхны орнууд болсон юм. Испанид 3750 хүн халдвар авснаас 3 хувийг нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж оношилсон байна.
Энэ вирус хүнд сармагчнаас биш тарваганаас халдварласан байна. Харин сармагчин, тарвага энэ вирусыг жижиг, хөхтөн амьтдаас авчээ.
ДЭМБ-аас мэдээлснээр тавдугаар сарын 13-наас долоодугаар сарын 22-ны хооронд Европ, Азид нийт 12 мянган хүн энэ вирусээр өвчилжээ. Тэдний 8 хувийг нь эмнэлэгт хэвтүүлэх шаардлага үүссэн аж.
Энэ вирусээр хамгийн анх сармагчин өвчилсөн тул ийн нэрлэжээ. Гэхдээ энэ вирус хүнд сармагчнаас биш тарваганаас халдварласан байна. Харин сармагчин, тарвага энэ вирусийг жижиг, хөхтөн амьтдаас авчээ.
1970 оноос Африкийн арван оронд халдвар бүртгэсэн. Удалгүй Африкаас өөр улсуудад илрэх болж, 2003 онд АНУ анхны тохиолдлыг бүртгэжээ.
Нигерид 2017 онд буюу 40 жилийн дараа сармагчны цэцэг өвчин дахин тархаж, 172 хүн өвчилснөөс 75 хувь нь 21-40 насны эрэгтэйчүүд байсан байна. Харин одоо тархаж буй халдвар өмнөх жилүүдийнхээс хамаагүй өргөн хүрээг хамарсан.
ЭНЭ ӨВЧНИЙГ ХЭРХЭН ЭМЧИЛДЭГ ВЭ?
Одоогоор эмчилгээ байхгүй. Иймд урьдчилан сэргийлэх нь маш чухал. Салхин цэцгийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсанаар халдварт өртөх эрсдэлийг 85 хувиар бууруулдаг. Иймд Их Британид бүх нийтийг вакцинжуулах кампанит ажил эхэлжээ. Юуны өмнө эрсдэлт бүлгийн иргэдийг дархлаажуулах юм. Тодруулбал, олон бэлгийн хавьтагчтай, ойрын хугацаанд бэлгийн замын халдвар авсан иргэдийг энэ бүлэгт хамруулжээ.
Их Британийн Ноттингхам их сургуулийн молекул, вирус судлаач, профессор Жонатан Болл “Халдвар авсан хүн 50 хүнтэй ойрын хавьтал болоход тэднээс 1 хүн халдвар авдаг. Тэгэхээр сармагчны цэцэг өвчин цар тахлын хэмжээнд хүрэхгүй” гэжээ.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөгөөг өгч байна:
-Бэлгийн нэг хавьтагчтай байх
-Хэрвээ та гэй бол бэлгийн харьцаагаа цөөлөх
-Халдвар авсан иргэдтэй уулзахгүй байх.
ХДХВ анх тархахад олон өвчтөн гадуурхалт, доромжлолд өртөхгүйн тулд эмнэлэгт хандаагүй байна. ДЭМБ дахин ийм явдал давтагдахаас сэргийлж, олон нийтэд өвчний талаар мэдээлэл сайн түгээхийг эмч нарт уриалжээ. Мөн эрх баригчдад хандан, иргэдээ дархлаажуулахыг зөвлөж байна.
Эх сурвалж: BBC