Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны 2 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 244.6 (15.9 хувь) мянга, өмнөх улирлынхаас 1.7 (0.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Харин нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит орлого мөн улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (0.2 хувь) мянга, өмнөх улирлынхаас 60.2 (5 хувь) мянган төгрөгөөр багаслаа. Үүнд тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 66.9 (19.3 хувь) мянган төгрөгөөр буурсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр энэ оны 2 дугаар улиралд 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 217.0 (15.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд цалин хөлсний орлого 178.9 (27.5 хувь) мянга, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 17.3 (22.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлынхаас 5.2 (0.3 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэхэд цалин хөлсний орлого 44.8 (5.7 хувь) мянга, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 9.8 (11.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 4.9, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 0.4, бусад орлогын эзлэх хувь 1.6 нэгж хувиар нэмэгдэж, харин тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 6, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 0.9 нэгж хувиар багаслаа.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэвэл энэ оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 2.4 мянгаар, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 12.4 мянгаар, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 12.4 мянгаар, 700- 900 мянган төгрөгийн орлоготой өрх 25.8 мянгаар, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн орлоготой өрх 0.2 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 16.6 мянгаар багассан аж. Харин 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 13.5 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 34.5 мянгаар, 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 38.3 мянгаар нэмэгдэв.
Улсын хэмжээнд 2 дугаар улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 59.1 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж буй нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 нэгж хувиар нэмэгдсэн аж.