Шулуухан хэлэхэд Ардчилсан нам
шинэчлэгдэж чадахгүй нь. Ж.Батзандан, Л.Гантөмөр нарын залуус намын даргад нэр
дэвшиж байгааг шинэчлэл гэж тайлбарлах хүмүүс олон байна. Гэвч тэд бол шинэчлэл
биш. Ах нарынхаа буюу З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Р.Гончигдорж гээд
хууччуудын \”найруулсан цай”-г ууж, хамтдаа нэг тогоонд хутгалдсан хүмүүс.
Тэгэхээр нэгдүгээр сарын 29-ний өдөр
АН-ын даргын сонгуульт ажил болох ч намд нь шинэчлэл хийгдэхгүй гэж ойлгож
болно. Уг нь АН-ын залуус намдаа шинэчлэл
хийхийг маш их хүссэн. Тиймээс ч намын дүрэм, зарчим дээр онцгойлон анхаарч,
биелэн оролцсон хэдий ч тэднийг нэр дэвших эрхийг санхүүгээр нь хязгаарлах
бодлогыг хууччууд хийчихлээ. Өөрөөр хэлбэл 250 сая төгрөгийн босго тавьснаар мэдлэг
чадвартай залуус, шинэ үеийнхэн намаа шинэчлэх ажлаас ухрах, хойш суух,
зүрхшээх байдлыг бий болгосон гэхэд хилсдэхгүй. Өчигдөр намын даргад нэр дэвших
эрхээ авч багц сум гардан авсан таван эрхмийг харахад бүгд л төрд өндөр албан
тушаал эрхэлж байсан, байгаа, нөлөө бүхий улс төрчид харагдав. Намынхаа дарга
болж, улс төрч хүний хувьд карьераа өсгөх нь тэдний асуудал. Намын дарга хийж
үзсэн ч хүн тэдэн дунд харагдсан.
Гэвч АН-аас гарах зөв шийдвэрээс
Монгол Улсын ирээдүй шалтгаалах гээд байна гэвэл яах вэ. Өнөөдөр Монгол Улсын
хүндхэн байдал хүргэж, эдийн засгийн хямралд оруулчихаад байгаа хүмүүс бол эд.
Энэ таван хүн бүгд шийдвэр гаргах түвшинд ажиллаж, өнөөгийн нийгмийг
бүтээлцсэн. Гэтэл сайн сайхан амласаар мөрийн
хөтөлбөрөө танилцуулж байна. Тэдэнд ирээдүйг бус өнөөдрийг сайхан болгох, хүрд
эргүүлэх боломж маш их байсан. Хүрдээ ч тэд эргүүлж, өнөөдрийг бүтээсэн. Ийм
туршлагаар маргаашийг бүтээнэ хэмээн амалж байна. Хэнд итгэх вэ.
Уг нь одоо нэр дэвшиж байгаа хүмүүс
бүгд гараа өргөөд, алдаагаа ухамсарлаж, залуусдаа зайгаа тавьж өгөх л ёстой
байлаа. Үүний дараа л шинэчлэл яригдах байв. Гэвч өнгөрсөн хугацаанд хүрд
эргүүлсээр байсан хүмүүс дахин хүрд эргүүлэхээр болж байгаа учраас л энд
шинэчлэлийг март гэж бичээд байна. Улс төрийн товчоо залуусдаа боломж олгосон
шиг АН-ын хууччууд залуусдаа хүрд эргүүлэх боломж олгосон бол АН-ын туг
шинэчлэлийн туг болж, залууст итгэл зориг нэмэгдэж, бугласан хуучин систем
унаж, ирээдүйгээс зөөлөн салхи үлээх байлаа.
Үндэстэн агентлаг