Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилт” судалгааг Монголд анх удаагаа хийж байна.
Уг ажлын хүрээнд ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, референт Ч.Ариунаа, “Цаглашгүй мэдлэг төв” НҮТББ-ын судлаач Т.Булганзаяа нар ХААИС-ийн оюутны гурван дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж, дотуур байранд сууж буй оюутнуудтай ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийж, дотуур байрны нөхцөл байдалтай танилцлаа.
ХЭҮК-оос уг үйл ажиллагаандаа МУИС, СУИС, АШУИС, ШУТИС, ХААИС зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 хүртэлх их, дээд сургууль Ховд, Завхан, Орхон, Дархан-Уул, Дорнод, Архангай аймаг дахь их, дээд сургуулийг хамруулсан болно.
Судалгааны үр дүнг ХЭҮК-ын хуралдаанаар танилцуулж, холбогдох байгууллага, ажилтан алба хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.