Өнөөдөр /2022.09.16/ “МУИС-ийн сургалт судалгааг хөгжүүлэх сан”-гийн нээлт болж тус санд өөрийн хийсэн судалгааны шимтгэлээр өндөр дүнтэй хувь нэмэр оруулсан МУИС-ийн 29 багшид талархал гардууллаа.
Үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг хэлсэн үгэндээ “МУИС-ийн багш нарын судалгааны үр дүнд хуримтлагдсан мөнгө үрэгддэггүй, хуримтлагддаг байх ёстой гэсэн зарчим барьж байгаа. Энэ хуримтлалын хүүгээр, үйл ажиллагааны үр ашгаар судлаачийг дэмждэг, дараагийн судалгааны ажлыг хэрэгжүүлдэг байх юм. Энэхүү сангийн эхлэл суурийг манай багш нар өөрийн хичээл зүтгэлээр бүрдүүлж чадлаа” гээд багш нарт талархал илэрхийлэв.
“МУИС-ийн сургалт судалгааг хөгжүүлэх сан”-д одоогоор 1 тэрбум орчим төгрөгийг МУИС-ийн 140 гаруй багш, ажилтнууд 2014 оноос хойш гүйцэтгэсэн төсөл, хөтөлбөрийн шимтгэлээр бүрдүүлсэн юм. Тухайлбал, гадаад, дотоодын байгууллага, хувь хүний санхүүжилт, захиалгаар хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр, гэрээт болон сонгон шалгаруулалтын ажил, лицензийн гэрээ зэргийн шимтгэл нь “МУИС-ийн сургалт судалгааг хөгжүүлэх сан”-д байрших бөгөөд энэхүү мөнгө ямар нэгэн зүйлд зарцуулагдахгүй, харин сангийн үндсэн хөрөнгийн хүүгээр багш судлаачдын судалгааны ажлыг санхүүжүүлэх юм.
Өөрөөр хэлбэл багш, судлаачид хийж хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтээсээ МУИС-ийн сургалт судалгааг хөгжүүлэх санд шимтгэл төлж сангийн үндсэн хөрөнгө нэмэгдэх бөгөөд тэрхүү хуримтлалын хүү л зөвхөн зарцуулагдаж, сангийн үндсэн хөрөнгө тасралтгүй өсөх болно.
Сургалт судалгааг хөгжүүлэх сан буюу Эндаумент сан нь аливаа их сургуулийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалж, профессор багш, суралцагчдад боломж олгож, санхүүгийн олон талт эх үүсвэр бүрдүүлж, эрдмийн эрх чөлөөг хангах чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн шилдэг их сургуулиудад санхүүгийн олон талт эх үүсвэрийн сонгодог загвар болдог төдийгүй эндаументийн хэмжээгээрээ их сургуулиуд өрсөлддөг байна.