ОХУ-тай хил залгаа Алтанбулаг боомтоор сүүлийн гурван өдөр Оросын 2745 иргэн орж ирсэн гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Есдүгээр сарын 22-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласнаас хойш манай улс руу нэвтрэх орос иргэдийн тоо нэмэгдсэн. Тухайлбал, есдүгээр сарын 23-26-ны хооронд Алтанбулаг боомтоор оросын 2745 иргэн Монголын хилээр нэвтэрсэн байна.
Хилээр нэвтрэх орос иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд өдөрт нэвтрэх иргэдийн тоо хэвийн үеийнхээс 5-6 дахин нэмэгдсэн байна. Монголд ирсэн орос иргэдийн 60 гаруй хувь нь эрэгтэйчүүд байгаа аж.
ОХУ-аас ирсэн иргэд манайд гэмт хэрэгт холбогдсон тохиолдлууд ч бүртгэгдэж байна.
Тэгвэл ОХУ-ын иргэд манайд гэмт хэрэгт холбогдвол хууль хэрхэн хэрэгжих талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр “Монгол Улс руу нэвтрэхийг хүсэж байгаа гадаад улсын иргэн виз болон аливаа шалгуур нөхцлийг хангасан бол орж ирэх бүрэн боломжтой. ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Манай улсад орж ирсэн гадаад иргэн байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, дагаж мөрдөх ёстой. Зарим нэг гэмт хэрэг зөрчилтэй холбоотой асуудлыг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа учир Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тайлбар өгөх боломжгүй. Тухайн хэрэг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. ОХУ-ын иргэд визний нөхцлөө зөрчсөн тохиолдолд Гадаадын иргэн харьяатын газар чиг үүргийн хүрээнд шийдвэрлэнэ” гэжээ.