Ер нь АН хэд хуваагдсан, хэдэн даргатай, хэчнээн тамгатай вэ. Энэ асуултын хариу өдөр ирэх тусам л бүрхэг болоод байгаа юм. Гэхдээ С.Эрдэнийн ашиглаад байгаа тамгаар АН хоёр том сонгуульд хүчин төгөлдөр оролцсон. Тиймээс тэр тамгыг хүлээн зөвшөөрөх байдал АН-ынхан дунд ч, хууль хүчний байгууллагад ч байна.
Гэхдээ АН тойрсон улс төрийн гол тоглогчид нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хоёр эрхэм байгаа юм. Тэд өнөөдөр уулзахаар “болзсон” байна. Санаачлагч нь Ц.Элбэгдорж бөгөөд тэрбээр нөгөө талаа“…Эвлэрье” хэмээн урьжээ.
Уулзалт оройхон Шангри-Лагийн нэгдүгээр давхарт байрлах “Brusells” ресторанд болох юм байна. Хоёр АН-ын 30-аад хүн оролцохоор болжээ. Харин С.Эрдэнэ, Х.Баттулга нар оролцохгүй. Тэднийг “…Өөрсдөө бус төлөөний хүмүүсээ ирүүл” гэж урилга хүргүүлсэн талаас хэлжээ. Уулзалтад АН-ын лидерүүдээс Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Да. Ганболд, Д.Сосорбарам нар, Х.Баттулгын талаас Ш.Түвдэндорж, Ө.Шижир, И.Мөнхжаргал нар, С.Эрдэнийн талаас Ч.Өнөрбаяр, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, М.Тулгат, Ч.Отгочулуу нар оролцохоор болсон байна. Түүнчлэн хоёр АН-ын аль нэг талд явахгүй байгаа гэх Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү нарыг оролцуулахаар болсон гэх мэдээлэл байна. Ер нь бол АН-ынхан энэхүү уулзалтад нэлээд ач холбогдолд өгч байгаа аж. Учир нь АН-ынхан цаашид эвлэрээд явах эсэх нь эндээс шийдэгдэх юм байна.