Украины Донбасс, Херсон болон Запорожье мужуудад тав хоногийн турш үргэлжилсэн ОХУ-д нэгдэх эсэх талаарх бүх ард нийтийн санал асуулга мягмар гаригт өндөрлөлөө.
Оросын төрийн мэдлийн “TASS” агентлагийн мэдээлснээр хэсгийн хороод дээр санал тоолох процесс үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр бүх ард нитйийн санал асуулгын үр дүн эцсийн байдлаар тодорхой болох аж.
Одоогоор нийт тоолсон саналын хуудсын үр дүнгээр Донецк – 99.23 хувь, Луганкс – 98.42 хувь, Херсон – 87.05 хувь, Запорожье 93.11 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн байна.
ОХУ-ын Иргэний танхимын төлөөлөгч Александр Малкевич Украины гурван мужид явагдсан санал асуулгыг дэлхийн 40 орны 100 гаруй ажиглагч ажигласан. Украины талаас зарим санал хураах байр руу цохилт өгснөөс өөрөөр санал асуулгыг луйвардах ямар нэгэн зөрчил илрээгүй гэж мэдээлсэн байна. ОХУ-ын хууль тогтоогчдын мэдээлснээр тус улсын парламент энэ сардаа багтаан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх замаар Украины гурван мужийг өөртөө нэгтгэх хүлээлттэй байгаа юм.
Энэ тохиолдолд Украин улс одоогийн нийт газар нутгийнхаа 15 хувийг ОХУ-д алдах юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хууль бүс бүх ард нийтийн санал асуулгаас гарсан ямар ч үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. ОХУ-д эзлэгдсэн бүх газар нутгаа чөлөөлнө гэж мэдэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: TASS