Нийтийн тээврийн парк шинэчлэлээр 1100 автобус оруулж ирэхээр болсон. Тэгвэл парк шинэчлэлтэй холбогдуулан Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр, “1100 нийтийн тээврийн 600 орчмыг нь хот өөрөө шийдэх ажлыг явуулж байна. Сая улсын төсөв дээр 450 гаруй автобусыг нь татаж аваад явуулъя гэсэн. Намайг зарим хүн Ж.Сүхбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлээс цавчаа хийх нь гэж байна. Ингэж хандаж болохгүй.
Би тэр авлига хулгайд чинь оролцдоггүй, өртдөггүй. Ийм юманд хутгалдах ч үгүй. Тэгэхээр энийг та нар хянаад яв гэж байгаа юм. Миний мэдэж байгаа зүйл гэвэл ирэх он гэхэд нийтийн тээврийн парк шинэчлэлийг дуусгахгүй бол түгжрэлийн шийдэх асуудалд ахиц гарахгүй.
Шийдэл нь нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах асуудал нэн тэргүүнд байгаа. Түүнээс авлига авах, авахгүйн асуудлыг тусад нь АТГ-д хандаад, хэвлэл мэдээллийнхэн араас нь явж, аль компани шалгарч, ямар үнээр авсан гэдгийг мэдэх нь нээлттэй асуудал. Харин урьдчилж энийг ярих нь нэг зүйлд санаа зовоож байна. Тэр нь нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх мөнгийг улсын төсвөөс хасчихвал яах вэ гэдэг асуудал.
Улсын төсвөөс хасчихвал нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэхгүй. Энэ мөнгийг өөр тийш нь шилжүүлчихнэ. Тэгэхээр шилжүүлэх сонирхолтой хүмүүс байгаа юу гэвэл байгаа. Парк шинэчлэл хийж чадахгүй, энийг хийхдээ авлига орно гэж хэлээд мөнгө байхгүй болчихвол Улаанбаатарчууд 13 жилийн өмнө хийгдсэн парк шинэчлэлийг бүрэн утгаар нь дахиж хийж чадахгүй үлдэнэ” гэлээ.