Насанд хүрээгүй хүүхдүүд электрон тамхины амтанд татагдан никотинд донтож буй тул амтлаг тамхи худалдахыг хориглосон байна. Улмаар аравдугаар сарын 1 өдрөөс эхлэн Хятадад зөвхөн тамхины амттай электрон тамхи худалдах болжээ.
Хятадын засгийн газар гурван жилийн өмнөөс энэхүү шинэ төрлийн тамхи буюу вэйпийн үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээг стандартжуулж эхэлсэн юм. Эхний шатанд вэйпийг цахимаар борлуулахыг хориглосон. Мөн энэ оны тавдугаар сард электрон тамхины цогц журам баталсан юм. Цаашид хориг арга хэмжээ үргэлжилнэ гэж вэйпийн зах зээлд хөрөнгө оруулагчид таамаглаж байна. Татвар өсгөх, анхилам үнэрийг нь арилгах, найрлага дахь никотиныг бууруулах хүртэл олон төрлийн арга хэмжээ авах магадлал өндөр юм. Электрон тамхины батарей мөн ихээхэн хэл ам дагуулж байгаа юм.
Хятадын вэйп цэнэглэгчийн зах зээлийн 70 орчим хувийг эзэлдэг Relx брэнд 2021 оны нэгдүгээр сард Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаснаас хойш тус компанийн хувьцааны үнэлгээ 95 хувиар буурчээ. Мөн дээрх хугацаанд вэйпийн төхөөрөмж үйлдвэрлэдэг Хятадын тэргүүлэгч брэнд Smoore-ийн хувьцааны ханш 90 орчим хувиар унажээ.
“Вэйп нь насанд хүрээгүй хэрэглэгчдийн сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна” хэмээн Хятадын төрийн албаны мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: TechCrunch