Мэргэжлийн хяналтын тогтолцоог өөрчлөн шинэчлэх талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан өмнө нь мэдээлж байсан.
Харин өнөөдөр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-ыг татан буулгах шийдвэр гарсныг тэрбээр хэлэв. Ингэснээр “Салбарын хяналтыг яамдад хариуцуулах, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл барина” гэсэн юм.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1,400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бодитой болсон. Энэ нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэх гомдлын үндэслэл гэж үзсэн” гэлээ.
МХЕГ-ыг татан буулгаснаар салбарын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор 800 гаруй албан хаагч яамдад хуваарилагдаж ажиллах юм байна. Ингэснээр 300 орчим ажлын байрыг хэмнэнэ гэв.
Түүнчлэн ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналтын агентлаг байгуулагдана.