Тавантолгойн бүлэг орд уурхайн амнаас нүүрс зарахгүй, Засгийн газраас үнээ тогтоож, хил гаргаж зардаг бол гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
Тэрээр “Нүүрсний борлуулалтын үйл ажиллагаа болон худалдан авагчтай харилцаж буй бүх үйл ажиллагааг нээлттэй ил тод болгож, уул уурхайн биржийн зарчмаар явагддаг болно. Уурхайн аман дээрээс худалдаалдаг урьдчилсан нөхцөлтэй гэрээг хийхийг хориглосон. Заавал Засгийн газраас зөвшөөрөл авна. Өнгөрсөн цаг хугацаанд улс орны хөгжил дэвшилд нэмэр оруулахаар ам гэрээг хийж байсан. Цаашдаа ингэхгүй, зогсооно. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад уул уурхайн компаниудад хориглоно. Нэг ёсондоо, нүүрс худалдах нэг хэрэг, нүүрсийг худалдан аваад тээвэрлээд хил гарган зарж буй нь хоёр дахь асуудал. Нүүрсний үнэ өртгөөс илүүтэй тээвэрлэлтийн үнэ өртөг, түүнд шингээж буй байдал нь ач холбогдолтой болоод байгааг Засгийн газар таслан зогсооно. Бид өөрсдөө хил гаргаж зардаг тогтолцоонд шилжинэ. БНХАУ-ын худалдан авагч нартай үүнийг тохиролцоно. Энэ бол дан ганц “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, менежментийн асуудал гэхээс илүү Засгийн газрын бодлого юм” гэлээ.