Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.11.08/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой ХК нээлттэй, ил тод болох ёстой. Энэ хүрээнд уурхайгаас ачигдаж байгаа нүүрсний хэмжээ, олборлолт, ямар компани худалдан авсан, тээвэрлэлтийн тухай мэдээлэл ил тод болж байна.
Өнөөдрийн байдлаар 13 худалдан авагч компани 265 тээврийн хэрэгслээр нүүрс ачиж байна. Тогтмол ил тод мэдээлэх энэ мэдээллийг Эрдэнэс Тавантолгойн цахим хуудсанаас хүссэн бүхэн үзэх боломжтой” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн төрийн тендерийн системд бүх худалдан авалтын мэдээллийг холбож, олборлогч компаниудын мэдээллийг ил тод болгосон байна.
Өнөөдрөөс эхлээд Эрдэнэс Тавантолгой ХК нээлттэй ил тод болж, цахимаар мэдээллээ хүргэх бүрэн боломжтой боллоо гэдгийг БЭТ мэдээллээ.
Оффтейк гэрээ гэж юу вэ?
Үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа, бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээг хэлнэ.
Эрдэнэс Тавантолгой компанид дөрвөн оффтейк гэрээ байна.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
- Богдхан төмөр замын төсөл
- Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл
- Газрын тос дамжуулах хоолой барих төсөлд оффтейк гэрээ байгуулсан байна.
Засгийн газрын шийдвэрээр энэ дөрвөн төсөлд оффтейк гэрээ байгуулжээ.
Үүнээс гадна мөнгийг нь урьдчилж аваад нүүрсээ дараа нь гаргах нөхцөлтэй дөрвөн гэрээ байна.
- Чалко компани
- Glory Town холдинг
- Jiayou интернэшнл
- E-Commoditis холдинг
Одоогийн байдлаар энэ дөрвөн компаниас 45 сая ам.долларыг авчээ. Цаашид урьдчилж мөнгө авдаг гэрээнээс татгалзаж, бизнесийн зөв гольдролоор бүтээгдэхүүнээ зарж, мөнгөө авдаг зарчим руу шилжинэ гэдгийг БЭТ Ж.Ганбат хэлж байна. Гэрээний мэдээллийг эндээс үзэх боломжтой.