Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжийг оруулж ирсэн цагаас нь хойш ашиглаагүй байна гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.
Засгийн газрын 2016 оны 60 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхүүжилтээр “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”-ыг АНУ-ын “MIC industries” компаниас худалдан авсан байдаг ч тухайн тоног төхөөрөмжүүд өнөөдрийг хүртэл ашиглагдаагүй, лацтай хэвээр байна.
Анх 2015 онд тухайн үеийн Засгийн газрын 462 дугаар тогтоол гарч, Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ийн худалдан авахаар төлөвлөсөн “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”-ын санхүүжилтийг шийдвэрлэн, худалдагч талтай гэрээ байгуулахаар болсон байна. Гэвч худалдагч тал болох АНУ-ын “MIC industries” компани уг төхөөрөмжийг цэргийн байгууллагад бус зөвхөн иргэний байгууллагад худалдах шаардлага тавьсны дагуу 2016 онд дахин Засгийн газрын тогтоол гаргажээ.
Улмаар тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөх, Батлан хамгаалах яам, “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан “MIC industries” компанитай тус цогцолборыг худалдан авахаар 8,3 сая ам.долларын үнэ бүхий гэрээ байгуулсан байна.