“Хан талст”, “Хурдны зам” зэрэг компанийг үүсгэн байгуулж, эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлсэн, Гавьяат барилгачин Ш.Бат-Энхийг их хэмжээний татвараас зайлсхийсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх тогтоол Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баталлаа.
Түүнийг нягтлан бодогч Г.Бямбасүрэнгийн хамтаар аж ахуйн нэгжүүдээс бараа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган хууль сахиулах байгууллагынхан шалгасан юм. Тэд НӨАТ-ын хоосон бичилттэй хуурамч падаан авч, түүнийгээ татварын байгууллагад тайлагнан гурван тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн аж.
НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.3-1 дэх хэсгийн “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Шүүхээс Ш.Бат-Энх, Г.Бямбасүрэн нарыг нэр бүхий компаниудаас эд хөрөнгө, бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч санхүүгийн баримтууд бүрдүүлэн Татварын ерөнхий газрын нэгдсэн санд бүртгүүлж, гурван тэрбум 95 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэжээ.
Улмаар захирлыг нь дөрвөн сая, нягтлан бодогчийг нь нэг сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Мөн улсад учирсан гурван тэрбум гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлээд байсан Ш.Бат-Энхийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр болсон аж.
Ш.Бат-Энхийн тухайд “Хан талст” ХХК-ийн эзэн гэдгээр нь хүмүүс мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тухайн компани наран шарлагын газар байгуулахаар үүсгэсэн тогтоол усанд нь 2020 оны тавдугаар сард дөрвөн хүүхэд осолдсон дуулианд холбогдсон компанийг үүсгэн байгуулагч билээ.