МАН-ын бүлэг /2022.12.19/ хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Мөн бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар гишүүдэд мэдээлэл өгчээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэгт холбогдсон гишүүдээ өөрсдийн хүсэлтээр шалгуулахыг үүрэгджээ. Тодруулбал, нүүрсний хэрэгт холбогдсон таван гишүүн, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах хүсэлтээ өгч шалгуул гэжээ.
Одоогоор МАН-ын бүлгийн таван гишүүнийг нүүрсний хулгайн асуудалтай холбоотой хэмээн АТГ-аас нэрлээд буй.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын шууд болон шууд бусаар нүүрсний хулгайтай холбоотой албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн үзэж, шалгаж байгаа гэдгээ АТГ мэдээлсэн юм. Албан бус эх сурвалжуудын мэдээллээр нүүрсний хулгайтай холбогдох МАН-ын, УИХ-ын гишүүдийн нэрс цаашид нэмэгдэж ч магадгүй гэдгийг хэлж буй.
Нүүрсний хулгайтай холбоотой таван гишүүний хувьд өнгөрсөн долоо хоногт ихэд бухимдаж, намын бүлэг, намын Удирдах зөвлөлөө хуралдуулахыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан гэсэн мэдээлэл ч бий. Тэгвэл Ерөнхий сайд өнөөдөр бүлгийн хуралдаанд оролцож, нүүрсний хулгайтай холбоотой нэр нь дурдагдаад байгаа УИХ-ын гишүүд, сайд нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах ёстой гэсэн сануулгыг бүлгийн гишүүддээ өгчээ.