Богдхан ууланд зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгасан талаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.
Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 30 дугаар зүйл, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн наймдугаар зүйлд тус тус заасны дагуу үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримтын бүрдэл хангасан тохиолдолд Хамгаалалтын захиргаанаас хашаа барих, үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл олгоно.
Харин зөвшөөрөлгүй ажил эхлүүлсэн болон хашаа барьсан тохиолдолд Зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар БОАЖ-ын сайдын тушаалаар 298 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын нийт 13 аманд газар ашиглахыг хориглосон.