Испанийн Гранада болон Мурсиа их сургуулийн эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг 500 хоногийн турш хүний бие, оюун ухаанд тусгаарлагдмал байдалд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Энэхүү сорилтод 50 настай уулчин эмэгтэй Беатрис Фламини оролцсон аж. Тэрбээр 2021 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр газар доорх 70 метрийн агуйд бууж, тусгаарлагдмал амьдарч эхэлсэн байна. Энэ цаг хугацаанаас 500 хоногийн дараа буюу энэ сарын 14-нд гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар гарч иржээ.
Тэрбээр 500 хоног ганцаараа байх хугацаандаа ном уншиж, дасгал хийж, мөн ноосон малгай нэхэх зэргээр цагийг өнгөрөөдөг байсан гэнэ. Судлаачид Беатрис Фламинигийн биеийн байдлыг тусгайлан зохион бүтээсэн технологиор байнга шалгаж, хоол хүнс хүргэдэг байсан бөгөөд энэ 500 хоногийн хугацаанд түүнтэй ямар нэгэн яриа хөөрөө, шууд харьцаа үүсгээгүй ажээ.
Фламини агуй дотроос гарч ирэхдээ, “Ганцаараа бүрэн тусгаарлагдаж, гадаад ертөнцтэй холбоогүй, байгалийн гэрэл авч чадахгүй мөн цаг хугацаанй ямар ч менежментгүй болсон байсан. Гэсэн хэдий ч надад энэ сорилтыг орхих ямар ч бодол төрөөгүй. Би өөртэйгөө маш сайн харилцаа тогтоож байсан. Би дахиад ч 500 хоног тэсэж чадхаар байсан шүү” гэжээ.
Беатрис Фламини энэхүү сорилтоо 500 хоногийн турш хоёр камераар тэмдэглэн авч байсан бөгөөд Гранада болон Мурсиа их сургуулийн эрдэмтэд түүний энэхүү сорилтыг баримтат кино болгоно хэмээн онцлон хэлсэн юм.