Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын уран гулгалтын одод, олимп, дэлхийн аваргууд Монголд ирж, “Мөсөн өргөө”-нөө мөрөөдлийг биелүүлж, гайхамшгийг үзүүлэхэд ердөө хагас сарын хугацаа үлдлээ.
Монголын Биеийн тамир, спортын улсын хороо, ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулах тус шоу ирэх сарын 6, 7-нд “Мөсөн Өргөө”-нд болох юм.
Үнэндээ ОХУ-ын уран гулгалтын одод Монголд үзүүлэх тоглолт хийхээр болсон нь Монголын спортын том үйл явдлын нэгд зүй ёсоор тооцогдоно. Олимп, дэлхийн аваргуудын тоглолтыг амьдаар нь үзэх боломжийг Мөрөөдөл биелүүлэгч “Мөсөн өргөө” бидэнд олгож байгаа.
Тэгвэл уригдан ирж, ур чадвараа гайхуулан, мөсөн талбайд гайхамшгийг толилуулах ОХУ-ын уран гулгагчид Монголын талаар юу гэж хэлснийг уншигчдадаа толилуулъя.
Олимпын аварга, залуучуудын дэлхийн аварга, Европын аварга уран гулгагч Камила Валиева Монголд ирэхээр болсон билээ. Тэрбээр “Монголд уран гулгалт эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдаж байгаад би баяртай байна. Монголын уран гулгагчид удахгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Middle Asian Daily News”-д ярьжээ.
Мөн 16 настай уран гулгагч бүсгүй “Бидний нөхөрлөл гуйвшгүй байж, бүгд хүчтэй байгаасай гэж би хүсэж байна. Та бүхэнтэй удахгүй Улаанбаатарт уулзъя” гэсэн байна.
ОХУ-ын аварга Софья Акатьева Монголын шоунд оролцох талаараа сэтгүүлчдэд “Монголд хэзээ ч очиж байгаагүй. Ер нь гэрээсээ анх удаа ийм хол явж үзэх гэж байна. Улаанбаатар хот, монгол үзэгчид, “Мөсөн ордон” нь ямархуу болохыг хармаар байна. Их сонирхолтой аялал байх болно. Одоо дасгалжуулагч нартайгаа хамт Монголд үзүүлэх үзүүлбэрээ бэлтгэж байна” гэжээ.
Тус шоунд оролцох нэг тамирчин бол 15 настай Аделия Петросян. Тэр 2022 оны ОХУ-ын АШТ-ий хүрэл медальт, 2023 оны ОХУ-ын Гран При тэмцээний аварга. Аделия Петросян Монголд болох шоуны талаар “Монголын шоунд оролцоно шүү гэж надад их эрт хэлсэн. Би сонсоод л баярласан. Монголд огт очиж байгаагүй болохоор шинэ юм үзэх сайхан боломж” хэмээн ярьжээ.
Москвад төрсөн Аделия ганцаарчилсан гулгалтын өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм. Тэрбээр тэмцээнүүд дээр дөрвөлсөн риттбергерийг амжилттай, цэвэр гүйцэтгэдэг.
Монгол Улсад ирэх ОХУ-ын алдартай 16 уран гулгагч дунд уран гулгалтын бүжгийн хос, олимп, дэлхийн аварга Никита Кацалапов, Виктория Синицина нар багтаж байгаа. Тэд мөсөн талбайд төдийгүй амьдрал дээр хосууд юм. Хос хоёр Монголын талаарх сэтгэгдлээ ийн хуваалцжээ.
Н.Кацалапов “Маш их сонирхол татаж байгаа. Монголд битүү дээвэртэй, том супер ордонтой гэсэн. Манай шигшээ баг бүгд уригдсан. Үнэнийг хэлэхэд, бид Монголд хоёр хоног шоу болно гэдгээс өөр зүйл мэдэхгүй байна. Бүгд тус бүр хоёр үзүүлбэр үзүүлнэ. Бас тэнд соёлын аялал, арга хэмжээтэй гэсэн. Хурдан очихсон гэж хүлээж байна. Биднээс хэн нь ч Монголд урьд өмнө очиж байгаагүй байх. Гоё байх болно гэж бодож байна” гэсэн бол В.Синицина “Монгол уул ихтэй. Хонь ихтэй гэж боддог” гэжээ. 2022 оны Бээжингийн олимпын аваргын тааварт орж байсан тэд багийн төрөлд аваргалж чадсан ч бүжгийн хосын төрөлд Францын бүжгийн хосод ялагдан мөнгөн медаль зүүсэн юм.
Бээжингийн олимпоор багийн төрөлд аваргалж, хосын төрөлд хүрэл медалийн эзэд болсон ирээдүйтэй залуу уран гулгагчид болох Оросын уран гулгагч Александр Галлямов, Анастасия Мишина нарын хувьд монголчуудыг гайхшируулахыг хүсэж байгаа гэнэ.
Энэ талаараа 23 настай Александр Галлямов “Mатч ТВ”-д өгсөн ярилцлагадаа, “Бид Улаанбаатарт болох мөсөн шоунд оролцохоор болсон. Настя бид хоёр монголчуудыг гайхшируулахыг хүсэж байна. Би өмнө нь Монголд очиж байгаагүй. Монголын ард түмэн, соёлтой танилцах боломжийг хүлээж байна. Бидэнд үнэхээр сонирхолтой байгаа” хэмээн ярьжээ.