mRNA төрлийн вакцины хумсны толионы хэмжээтэй наалтыг хэвлэн гаргадаг зөөврийн төхөөрөмжийг хэсэг эрдэмтэд зохион бүтээжээ.
Өөрөөр хэлбэл ийм вакцинаар хүмүүсийг дархлаажуулахдаа зүү тариур хэрэглэлгүй, харин 2 см өргөн хэмжээтэй наалтыг арьсан дээр наадаг болж байна.
Наалтыг зөөврийн төхөөрөмжөөр хэвлэдэг болсноор дэд бүтэц муутай, алслагдсан бүс нутгийн хүн амыг вакцинжуулахад хялбар болж байгаа юм.
Наалтын дотор талд олон зуун ширхэг бичил зүү байрлах бөгөөд арьсан дээр наах үед вакцины тунг хүний биед нэвтрүүлдэг ажээ.
Тасалгааны температурт урт хугацаагаар хадгалах боломжтой ийм наалт хэрэглэхэд сувилагч шаардлагагүй, өвдөлт бага зэрэг давуу талтай.
Pfizer, Moderna компаниудын үйлдвэрлэдэг mRNA төрлийн вакциныг хөргөгчид хадгалах шаардлагатай байдаг.
Наадаг вакциныг эрдэмтэд дээрх хоёр компанийн вакцин дээр туршсан бөгөөд цаашдаа дурын үйлдвэрлэгчийн mRNA вакцинд ашиглах боломжтой юм байна.
Шинэ технологийг “дараагийн цар тахал”-ын үед ашиглах боломжтойг Moderna компанийн үүсгэн байгуулагчдын нэг, наалтыг зохион бүтээхэд оролцсон Роберт Лангер тайлбарлажээ.
Мөн Эбола зэрэг тахлын дэгдэлтийн үед алслагдсан нутгийн хүн амыг богино хугацаанд вакцинжуулах боломжтойг судалгааг ахалсан Массачусетсийн Технологийн Их сургуулийн эрдэмтэн Ана Жакленек онцлон тэмдэглэсэн байна.
Гэхдээ вакцины наалтыг зөөврийн хэвлэгчээр үйлдвэрлэх технологийг амьдралд нэвтрүүлэхэд түүний өндөр өртөг саад болохоор байна. Одоо эрдэмтэд өртөг зардлыг бууруулахаар ажиллаж байгаа тухай Nature Biotechnology сэтгүүлд мэдээлжээ.
Эх сурвалж: AFP