Өчигдөр Агаарын Зэвсэгт Хүчний Академийн төгсөлтийн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тайзан дээр бүдэрч унасан байна. Бусдаар түшүүлж боссон Байден суудалдаа суухдаа хэвийн алхаж байжээ. Боссоныхоо дараа тэр юунаас болж унаснаа харуулж, тайзан дээрх элстэй уутыг зааж байв.
Цагаан ордны хэвлэлийн албаны захирал Бэн ЛаБолт твиттер хуудсандаа “Ерөнхийлөгч хүмүүстэй гар барих үеэрээ тайзан дээр байсан элстэй уутанд бүдэрч унасан байна” гэж тайлбарлаад Байденд ямар нэг гэмтэл бэртэл учраагүйг мэдээлжээ.
Одоо 80 настай Байден нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж байгаа. Гэхдээ тэр 2024 оны сонгуульд дахин өрсөлдөхөөр төлөвлөж байна. Түүний гол өрсөлдөгч, Бүгд Найрамдах намын Дональд Трамп энэ сард 77 нас хүрч байгаа. Саяхан явуулсан санал асуулгаар Америкчуудын ихэнх нь 75-аас дээш настай хэн ч ерөнхийлөгчийн албыг хашихад санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Энэ оны хоёрдугаар сард Байдены эрүүл мэндийг шинжилсэн эмч нар түүнийг бие махбодын хувьд албан тушаалаа хаших чадвартай гэж дүгнэж байв. Байден архи, тамхи хэрэглэдэггүй, долоо хоногт таваас дээш удаа биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэг тухай уг дүгнэлтэд мэдээлж байжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард тэр сэтгүүлчдийн нүдний өмнө дугуй унаж яваад тэнцвэр алдан унасан ч гэмтэл бэртэлгүй өнгөрч байсан юм.
Эх сурвалж: Reuters