Германы Der Spiegel онлайн сэтгүүл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний бага залуудаа Зөвлөлтийн тагнуулын байгууллагад гүйцэтгэж байсан үүргийн талаар эрэн сурвалжилсан ажлынхаа үр дүнг Бямба гарагт нийтэлжээ.
Путин 1980-аад оны үед Зүүн Германд ажиллаж байсан гэдэг. Тэрбээр өөрөө энэ цаг үеийн түүхээ огт хөндөж байгаагүй. Харин түүнийг КГБ-ын туршлагатай тагнуулын ажилтан байсан, янз бүрийн баатарлаг гавьяа байгуулсан тухай түүхүүд Оросын суртал нэвтрүүлгийн хэрэгслээр байнга цацагддаг.
Гэтэл Der Spiegel сайт Путиний ажил үүрэг үнэндээ захиргаа, бичиг цаасны ажлаас хэтэрдэггүй байсныг олж тогтоожээ.
Тухайлбал түүнтэй цуг Дрездений КГБ-ын салбарт ажиллаж байсан эх сурвалжуудын мэдээлснээр Путин “Баруун Германд амьдардаг хамаатан садандаа зочлох гэсэн иргэдийн тоо томшгүй олон хүсэлтийг хянан шалгах, Дрездений их сургуулийн гадаад оюутнуудын дотроос найдвартай мэдээлэгч хайх” ажлуудыг гүйцэтгэдэг байсан гэнэ.
Бас Зүүн Германы нууц цагдаагийн алба Stasi-гийн архивын бичиг баримтуудад Путиний нэр ховорхон дурдагдсан байдгийг олж тогтоожээ. Захиргааны ямар ажил үүргийг хариуцдаг тухай зэрэг цөөн хэдэн удаа бичиг баримтад Путиний нэр дурдагдсан байсан гэнэ.
“Der Spiegel”-ийн нийтлэлд Stasi байгууллагын офицер асан Хорст Йемлих ярихдаа Путинийг “гар хөлийн үзүүрт зарагддаг хүү” төдий байсан тухай дурссан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нь Зөвлөлтийн тагнуулын албанд нийтдээ 20 орчим жил ажилласан гэдэг. Тэрбээр 1985 онд буюу Зөвлөлт Холбоот Улсыг задрахаас хэдхэн жилийн өмнө Зүүн Германы Дрезденд томилогдож байжээ.
Үүнээс хойш дөрвөн жилийн дараа Берлиний хана нурж, Хүйтэн дайны төгсгөл ирсэн юм. Албан ёсны бичиг баримтад Путин чөлөөнд гарахдаа дэд хурандаа цолтой байсан гэдэг.
Харин КГБ-ын өндөр албан тушаалтан асан, Путинийг шүүмжлэгчдийн нэг Олег Калугин 2015 онд өгсөн ярилцлагадаа үүнийг няцааж, хошууч цолоос хэтрээгүйг баталж байжээ.
Эх сурвалж: Der Spiegel