-2022 оны эхний дөрвөн сарын хугацаанд төлбөрийн тэнцлийн алдагдал 960 орчим сая ам.доллар байжээ-
Дөрөвдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 191 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ. Тухайн сарыг оруулан тооцсоноор төлбөрийн тэнцэл оны эхнээс 270.61 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс тав дахин өссөн үзүүлэлт болж байна. 2022 оны эхний дөрвөн сарын хугацаанд төлбөрийн тэнцлийн алдагдал 960 орчим сая ам.доллароор хэмжигдэж байсан юм.
Дөрөвдүгээр сард төлбөрийн тэнцэл ашигтай гарахад урсгал данс 101.93 сая ам.долларын, хөрөнгийн данс 10.22 сая ам.долларын ашигтай гарсан нь эергээр нөлөөлсөн бол санхүүгийн дансны тэнцэл 101.43 сая ам.долларын алдагдалтай гарсан болохыг Монгол банк мэдээлэв.
Дөрөвдүгээр сард Монгол Улсын барааны экспортын үнийн дүн 1.19 тэрбум ам.доллар, импорт 737.59 сая ам.доллар хүрсэн нь өмнөх сараас буурсан дүнтэй байна.
Харин үйлчилгээний хувьд гаднаас авахад төлсөн үйлчилгээний үнийн дүн өндөр хэвээр байгаа аж. Тухайлбал: тээврийн үйлчилгээний тэнцэл 78.7 сая ам.долларын алдагдалтай, аяллын үйлчилгээний тэнцэл 64.31 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Өөрөөр хэлбэл гадаадаас авсан тээвэр болон аяллын үйлчилгээний зардал өндөр хэвээр байна.
Оны эхний улиралд нүүрсний экспорт харьцангуй сайн байсантай холбоотойгоор урсгал дансны ашиг харьцангуй өндөр байсан бол дөрөвдүгээр сард нүүрсний экспорт өмнөх сараас үл ялиг буурчээ. Мөн импортын үнийн дүн энэ он гарсаар тогтмол түвшинд хадгалагдсан хэвээр байна.