2023 оны гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг үнэгүй олгохоор болж, RFID чип уншигчийг суурилуулах ажил эхлээд байгаа. Уг ажлын явцын талаар холбогдох Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID-ийг нэвтрүүлэх дэд бүтцийн бэлтгэл ажлыг хангаж байна.
Нийслэлд авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд 442,477 ширхэг цахим гэрчилгээг суурилуулах ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан.
Цахим гэрчилгээг нийтийн тээврийн 600 автобусанд туршилтаар суурилуулаад байна.
Ирэх долоодугаар сарын 5-н гэхэд эхний 50,000 тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг оруулж ирэх бөгөөд 100 цэгээр дамжуулан суурилуулах юм” гэв.
“447,000 тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгох ажилд гурван тэрбум төгрөг гаргаж байгаа. Цахим гэрчилгээг “Бодь” групп нийлүүлнэ” хэмээн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлж байсан юм.