Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбараас сонгогдож, \”Эцэг хууль” батлалцсан депутатуудаа өнөөдөр морин цагт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Засгийн газрын гишүүн, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж уулзалтыг нээж хэлсэн үгэндээ \”Монгол Улсын эцэг хуулийг батлалцахад сэтгэл оюунаа зориулж ажилласан та бүхэндээ баярын мэнд хүргэе. Та бүхэн бол Үндсэн хууль батлагчид төдийгүй манай салбарын бодлогыг тодорхойлогчид учраас бидний ажилд зөвлөгөө, сургамжаа харамгүй хайрлаарай” гэв.
1992 оны Үндсэн хууль батлалцсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутатын найм нь болох Сампилын Жадамбаа, Самбуугийн Пүрэвдорж, Чойжингийн Хурц, Дамбадаржаагийн Чилхаажав, Найдангийн Төмөртогоо, Хоохорын Бадамсүрэн, Догсомын Ганболд, Лодойн Пүрэвгял нар уригдан иржээ. Уулзалтад УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, газрын дарга Б.Махбал нар оролцов.
Дашрамд дурдахад Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт 900.000 гаруй хүн оролцож, 220.000 орчим санал гаргасан бөгөөд дээрх саналуудын 44.3 хувийг Үндсэн хуульд ямар нэг хэлбэрээр тусгасан гэдэг. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаанаар 430 депутат 70 гаруй өдөр билэг оюунаа шавхан хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00 цаг 35 минутад шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй билээ.