Гол мөрний усны түвшин ямар хэмжээнд байгаа тухай мэдээллийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс танилцууллаа.
Уг мэдээллээр өнөөдөр буюу долдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Хангай нуруунаас усжих Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгджээ.
Мөн Хүдэр, Хараа, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай, Орхон гол Сүхбаатар орчимд үерийн түвшинг 10-60 см, Ерөө, Сэлбэ, Балж, Хэрлэн голын эхээр үерийн аюултай түвшинг 10-60 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу долдугаар сарын 8-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см, Ерөө гол Дулаанхаан болон Хараа гол Дархан хот орчимд 25-30 см, Онон гол Дадал сум орчимд 30 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 20 см, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд 10 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Өнөөдөр болон маргааш нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурдсан голуудын усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас онцгойлон анхааруулж байна.