Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс 2 нийт 41 сорьц авчээ.
Усны сорьцын химийн шинжилгээний дүнг “MNS 4586:1998 Усан орчны чанар. Ерөнхий шаардлага” стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж гарсан үр дүнд үндэслэн дараах дүгнэлт, зөвлөмжийг өгч байна.
-Ус цуглуулах талбай багатай “Сэлбэ гол”-ын эх болон дунд хэсэгт, Хотын төв хэсэг буюу “Дунд гол” орчимд бусад сорьц авсан газруудыг бодоход усны цахилгаан дамжуулах чанар (эрдэсжилт), жинлэгдэх бодис (хөрсний зулгаралт буюу ургамалан бүрхэвчийн эрс буурсан хэсэгт), хялбар исэлдэгч бодис, ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч органик шим бодисын бохирдолтын үзүүлэлт болох ПИЧ, аммонийн азот (NH4 -N)-ын агууламж бусад хэсгийнхээс их байгаа бол дээрх үзүүлэлтүүд үерийн халиа, тогтоол уснаас сорьц авсан бараг бүхий л цэгүүдэд стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь бохирдол их байгааг харуулж байна.
-Усны сорьцод хийсэн химийн шинжилгээний дүнг “MNS 4586:1998 Усан орчны чанар. Ерөнхий шаардлага” стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд сорьц авсан бүх цэгүүдэд бохирдолтыг тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг болох хялбар исэлдэгч органик бодисуудын агууламж (ПИЧ) , аммонийн азот (NH4-N), нитритийн азот (NО2-N), нитратын азот (NО3-N), эрдэс фосфор (PO4-Р)-ын агууламжаар тус тус стандартын шаардлагыг хангахгүй байна.
-Бичил амь судлалын шинжилгээгээр голуудын усанд харьцангуй бага нянгийн бохирдол илэрсэн бол үерийн халиа, тогтоол усны хувьд нянгийн бохирдол өндөр буюу шинжилгээнд хамрагдсан нийт сорьцын 66.6%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6%-д E coli, 47.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн байна. Иймд бохирдсон хөрс, орчныг ариутгал, халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгаж дахин шинжилгээнд хамруулах эс бөгөөс гэдэсний бүлгийн халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байна.
-Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас цэвэрлэгдсэн бохир ус Туул голд нийлж байгаа хэсгээс буюу ТЦБ-ын гаралтын усны сорьцод хийсэн химийн шинжилгээний дүнг Хүрээлэн буй орчин. Хаягдал ус MNS 4943:2015 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд жинлэгдэх бодис, нийт азот, эрдэс фосфор, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламжаар тус стандартын шаардлагыг хангахгүй бохир усыг Туул голд нийлүүлж байгаа бол тухайн сорьц авсан цаг үед ТЦБ цэвэрлэгээний түвшинг тооцоход 65-68%-тай хаягдал бохир усыг цэвэрлэж байна.
-Цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй ажиллаж байгаа өнөө үед үерийн далангийн усыг Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэлгүй голын татамд нийлүүлэх;
-Нийслэлийн засаг дарга, Байгаль орчны алба, Туул голын Сав газрын захиргаад нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд, Барилга хот, байгуулалтын Сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэм”-ийг мөрдүүлэхэд анхаарч гарсан зөрчил дутагдлыг арилгахад хамтран ажиллах;
-Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, хогийн хаягдал хадгалах байгууламжийг шат дараатай халж олон улсын жишигт нийцсэн ариун цэврийн байгууламжтай болох, хог хаягдлын нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх;
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үер усны гамшгаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ, гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сурталчлан таниулах;
-Гол горхины нянгийн бохирдлын үеийн өвчлөлийн талаар Халдварт өвчин судлалаар мэргэшсэн мэргэжлийн хүмүүсээр зохих судалгааг хийлгэн, зөвлөмж гаргаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай байна.