Калифорни мужийн “Үхлийн хөндий”-д энэ амралтын өдрүүдэд манай гарагийн түүхэн дээд халалт бүртгэгдэх төлөвтэй байгааг АНУ-ын судлаачид анхааруулжээ.
Долдугаар сарын эхний долоо хоног дэлхийн түүхэнд хамгийн халуун долоо хоног болсныг Дэлхийн Цаг Уурын Байгууллага саяхан баталсан юм.
Тэгвэл өнөөдөр АНУ-ын баруун ба өмнөд, Мексикийн хойд бүс нутагт үргэлжилж буй агаарын хэт халалтын улмаас 100 гаруй сая хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд ороод байна. Тус бүс нутагт сүүлийн хоёр долоо хоног үргэлжлэн халж, агаарын температур Цельсийн 43 хэмээс буухгүй байгаа.
Тэр дундаа Калифорни мужийн нутагт оршдог “Үхлийн Хөндийн” (Death Valley) нөхцөл байдал тун хүнд байгаа юм.
Уулсаар хүрээлэгдсэн энэ хөндий хоолойд халуун агаар түгжигдсэнээр агаарын температур Цельсийн 48 хэм хүрэх тохиолдол байдаг.
Харин энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд 54 хэм хүрэх төлөвтэй байгааг АНУ-ын судлаачид мэдээлжээ. Энэ нь манай гарагийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн өндөр халалт болохыг Scientific American сэтгүүл баталсан байна.
Энэ зун зөвхөн АНУ-д биш, бас Европ, Ойрх Дорнодын орнууд, Турк, Марокко улсуудад агаарын халалт онц аюултай хэмжээнд хүрээд байгаа юм.
“Манай гарагийн уур амьсгалд улам ихээр ажиглагдах болсон эрс тэс цаг агаар нь хүмүүсийн эрүүл мэнд, экосистем, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, усны хангамжид сөргөөр нөлөөлж байна. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг аль болох хурдан бөгөөд мэдэгдэхүйцээр бууруулах шаардлагатайг харуулж байна” гэж Дэлхийн Цаг Уурын Байгууллагын (World Meteorological Organization) ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас саяхан мэдэгджээ.
Эх сурвалж: Business Insider