Итали улсад ойн түймэр, хэт халалттай зэрэгцэн шуурга дэгдэж, мөндөр орж байгаа нь цаг агаарын онцгой үзэгдэл болж байна. Энэ сарын 19-нд тус улсад теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр орж, 100 гаруй иргэн гэмтсэн хэрэг гарсан.
Тодруулбал Италийн Венето мужид хүчтэй шуурга дэгдэж, 10 сантиметрийн диаметртэй мөндөр орсон. Мөндрийн улмаас хүн гэмтсэн, машины салхины шил мөндөрт цохиулж хагарсан зэрэг 500 гаруй тусламжийн дуудлага иргэдээс иржээ. Тус шуурганаар 53 настай иргэн дугуйтай явж байгаад амиа алдсан.
Энэ сарын 24-нд мөн 19 сантиметрийн диаметртэй мөндөр орсныг цаг агаарын онцгой үзэгдлийг судалдаг Европын лабораториос баталсан байна. Энэ нь 2010 онд АНУ-ын Өмнөд Дакато мужид орсон 20.3 сантиметрийн диаметртэй мөндрийн рекордыг давахад тун ойрхон байсан гэв. Дэлхийн улсуудад тавдугаар сараас хойш хэт халалт, ойн түймэр, үер зэрэг цаг агаарын онцгой үзэгдлүүд тохиосоор байна.
Эх сурвалж: European Severe Storm Laboratory