-Аарц нь махнаас илүү уураг агуулдаг-
Аарц нь сүүн бүтээгдэхүүн дотроо кальцийн агууламж хамгийн өндөртэй, махнаас их уураг агуулдаг, олон төрлийн амин дэмээр баялаг бүтээгдэхүүн юм. Үүнийг өвөг дээдэс маань маш сайн мэддэг байсан учраас аарцыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг хичээдэг байжээ. Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч вирус, нянгийн халдвараар үүсэх томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Иймд дархлаагаа сайжруулах тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай.
Бидний уламжлалт хүнс болох аарц нь дархлаа сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой хүнс юм.
Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг. Түүний хуурай бодисын 50 хувь нь уураг байдаг. Ялангуяа Казейн хэмээх үл орлогдох амин хүчлээр баялаг уураг агуулдаг / нянгаас хамгаалах Т-эс бий болоход оролцдог/ бөгөөд цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй.
Мөн С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодисыг агуулж байдаг.
Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг. Ингэснээр дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е,аминдэмээр баяжуулах боломжтой.
Аарцыг сүрьеэ, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.
100 гр аарцанд 23.9 гр уураг, 17 гр тос, 2 гр нүүрс ус, 150 мг кальци агуулдаг.
Сүү цагаан идээг хэрэглэхдээ махан хоолноос 2-3 цагийн өмнө, эсвэл дараа нь хэрэглэх нь тохиромжтой.
Аарц – булчингийн масс нэмэх шилдэг хүнсний нэг. Зөвхөн 150 грамм аарц гэхэд л танд 22 грамм уураг өгнө. Аарц нь “хурдан” болон “удаан” задрах уургийн хослолтой байдгаараа үнэлж баршгүй.
Арвайтай аарц буцалгах
* Аарц 500 гр
* Арвай 100 гр
* Арвайн гурил 2 хоолны халбага
* Шар тос 1хоолны халбага
* Ус 3л
* Давс бага зэрэг
1. Арвай будаагаа усанд угааж зайлсныхаа дараа хуурайгаар нь халаасан хайруулын тавганд хийн алтан шаргал болтол нь хуурна.Аарцаа хүйтэн усанд хийж зөөлөн галан дээр задартал нь самраад арвайн гурилаа хийж байнга хутган буцалгана.
2. Арвайн гурилыг улаан буудайн гурилаар орлуулсан ч болно. Буцалж эхэлсний дараа хуурсан арвайгаа хийж зөөлөртөл нь дунд зэргийн гал дээр чанаад гал дээрээс аван шар тос, бага зэргийн давс хийж саваа таглан хэдэн минут амраана.
Энэ хоол нь нүүдэлчин монголчууд өвөл хүйтний улиралд алдагдсан хүч тамираа нөхөн сэлбэхэд зориулан хэрэглэж ирсэн энгийн бөгөөд илчлэг идээнүүдийн нэг билээ.