АНУ руу шууд нислэг хийх “Хубилай хаан” Боинг-787-9 онгоцыг өнөөдөр хүлээн авлаа.
Тодруулбал МИАТ ТӨХК AerCap компаниас хоёр ширхэг 787-9 төрлийн агаарын хөлгийг урт хугацаагаар түрээслэн авч байгаа юм.
Онгоц шинээр худалдан авахаас түрээслэх нь илүү ашигтай болохыг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир онцлов. Тэрбээр “Онгоц шинээр нь зээлээр худалдан авахад сард төлөх хүүгийн үнэ түрээслэхээс үнэтэй тусдаг. Мөн 10-15 жилийн дараа гэхэд онгоц хуучирч хэрэглээнээс гаргах шаардлагатай болдог. Иймд агаарын хөлгийг цоо шинээр нь түрээслэх нь агаарын тээврийн салбарт хамгийн ашигтай шийдэл болж байна” хэмээв.
Тус агаарын тээврийг түрээслэхэд нэг сарын 770 мянган ам.доллар аж. Энэ нь дэлхийн зах зээл дээрх бусад 787-9 төрлийн онгоцнуудын түрээсээс 20-30 хувийн хямд үнэ гэв.
Цаашдаа АНУ, Австрали, Сингапур улсууд руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
292 зорчигчийн суудалтай, холын зайн нислэг үйлддэг, дэлхийн хамгийн хурдан 10 агаарын хөлгийн нэгт багтаж буй Боинг-787-9 төрлийн хоёр дахь хөлгийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан авчирна.
Боинг-787-9 Dreamliner хөлгийн их бие 62.8 метрийн урт, 17.02 метрийн өндөртэй. Бусад агаарын хөлөгтэй харьцуулахад илүү хөнгөн жинтэй, түлшний зарцуулалт багаас гадна салоны даралт бага учир зорчигчдод урт хугацаанд аялахад тав тухтай мэдрэмж төрүүлэх аж.
Улмаар 2025 оноос Сингапур, Австрали зэрэг улс руу шууд нислэг үйлдэхээр зорьж буйг Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт дурдсан юм.