Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадал хэвшээгүй, хүнс үйлдвэрлэлийн технологийн горим мөрдөөгүй болон хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчсөнөөс гэмтэж муудсан чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах, иргэдийн хүнсний зөв сонголт, зохистой хэрэглээ алдагдагдсаны улмаас хоол, хүнсний гаралтай халдвар, хордлого гарч байна.
Хоол хүнсний гаралтaй халдвар, хордлогоос сэргийлэхийн тулд иргэд, худалдан авагч Та бүхэндээ дараах зүйлийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:
-Худалдаа, нийтийн хоолны газраас хоол, хүнсний бүтээгдэхүүн сонгон авахдаа хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл шошгод заагдсан эсэхийг сайтар нягтлан үзэх, шошгын зааврыг дагах
-Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байх,
-Ил задгай гудамж талбайд болон гар дээрээс худалдаалж буй, ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газраас хоол, хүнс худалдан авахгүй байх,
-Худалдаа, үйлчилгээний газруудад түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжид хадгалж буй эсэхийг анхаарч үзсэний дараа сонголтоо хийх,
-Нийтийн хоолны газруудаар үйлчлүүлэхдээ хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэх, гадны механик хольц байгаа эсэхийг шалгаж хэрэглэх,
-Архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй болон гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх,
– Анхаарвал зохих хамгийн аюултай зүйл нь эдгээр хүнс, хоолыг хэрэглэснээр хоолны хордлого, хордлогот халдвар өвчнөөр өвдөх магадлал тун өндөр бөгөөд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг санаж үйлчлүүлэхгүй байх нь зүйтэй.
Хоол хүнсээс шалтгаалах өвчин эмгэг нь тэр даруйдаа илрэхгүй байж болох ч хожим амь насанд тань заналхийлж болохыг бүү март!
-Худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд ашиглаж буй түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлыг хангасан тухай баталгаажилттай эсэх, холбогдох бичиг баримтыг худалдагчаас шаардан үзэх,
\”Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д \”худалдан авагч нь худалдагчаас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэй” гэж хуульчилсан байдаг тул ТА ЭРХЭЭ ЗӨВ ЭДЛЭН ЭРСДЭЛ ХҮЛЭЭХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЪЯ.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР