“Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ.
Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан тал хээр, говь цөлийн бүсэд нарны гийгүүлэх хугацаа их, цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй тул бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангахад ашиглах бүрэн бололцоотой. “Сэрвэн” нарны цахилгаан станц нь үүнийг нотолж байна. Цаашид Говь-Алтай аймаг нар, салхи, ус гэсэн ХОСОЛМОЛ сэргээгдэх эрчим хүчний экспортын төв болох боломжтой.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр эрчим хүч хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл болох цаг удахгүй.