Энэ сарын эхээр Европын Холбооны эрх баригчид Украины дайнтай холбоотой хориг арга хэмжээгээ өргөжүүлж, ОХУ-ын дугаартай автомашинуудыг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хориглосон юм.
Уг хоригийг гол хэрэгжүүлэгчид нь ОХУ-тай хуурай газраар шууд хил залгадаг Европын Холбооны гишүүн орнууд байв. Өнгөрсөн долоо хоногт Балтийн тэнгисийн сав газрын гурван улс болох Эстони, Латви, Литва улсууд хоригийг дараалан хэрэгжүүлж, Орос дугаартай автомашинуудад хилийн хориг тавьсан юм.
Ням гарагт Польш улс дээрх хоригт нэгдсэн байна. Польшийн хувьд ОХУ-ын үндсэн газар нутагтай шууд хил залгадаггүй, харин үндсэн газар нутгаасаа тусгаарлагдсан Калининград мужтай хиллэдэг. Бас ОХУ-тай хил залгадаг Беларусь, Украин улсуудтай хиллэдэг юм.
“ОХУ-д бүртгэлтэй автомашинууд Польшийн нутагт нэвтрэх эрхгүй боллоо. Энэ бол Украины харгис түрэмгий дайнтай холбоотойгоор Орос улс, түүний иргэдэд оногдуулж буй хориг арга хэмжээний нэг хэсэг юм. Оросын төр олон улсын аюулгүй байдалд дайсагнах болсонтой холбоотой ийм арга хэмжээ авч байна” гэж Польшийн дотоод хэргийн сайд Мариуш Камински мэдэгджээ.
Хоригийн дагуу Оросын дугаартай автомашинуудыг хил дээрээс ОХУ болон өөр бусад Европын Холбооны гишүүн бус улсуудын нутаг дэвсгэр рүү буцаахаар болж байна.
Автомашины эзэн нь ОХУ-ын иргэн биш байсан ч ингэж буцаахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев уг хоригийг “ялгаварлан гадуурхагч” үйлдэл гэж шүүмжлээд Европын Холбоотой дипломат харилцаагаа таслах, Брюсселиэс өөрийн дипломатчидыг эгүүлэн татах зэрэг хариу арга хэмжээ авах боломжтойг анхааруулж байв.
Эх сурвалж: AFP