Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт дараах зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.