Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал эхэлж, энэ хурлын үеэр дэлхийн олон орны төрийн тэргүүн үг хэлж байгаа ч дэлхий нийтийн анхаарал чухамхүү Украины Ерөнхийлөгчийн мэдэгдэлд хандсан байна гэж ВВС агентлагийн сурвалжлагч Эмма Оуэн мэдээлжээ.
“Украины эсрэг өдүүлсэн өнөөгийн дайны зорилго нь манай улс, ард түмэн, амьдрал, нөөц боломжийг та бүхний эсрэг, дэлхийн эмх журмын эсрэг болгон хувиргах зорилготой” хэмээн Зеленский цугласан олны өмнө үг хэлэхдээ онцолсон байна.
НҮБ-ын индэр дээрээс Украины Ерөнхийлөгч Зеленскийн хийсэн мэдэгдлийн гол ишлэлүүд:
- ОХУ Украин руу түрэмгийлсэн нь дэлхий дахинд ноцтой аюул заналхийлж байна. Орос цөмийн зэвсэг эзэмших эрхтэй байх ёсгүй.
- Ерөнхийлөгч Путин хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд эрчим хүч, цөмийн эрчим хүч хүртэлх бүхий л зүйлсийг зэвсэг болгон ашиглаж байна.
- Оросын хүчин Украинаас олон хүүхэд хулгайлсан, тэднийг төрөлх орноо үзэн ядахад сургаж байна.
Түүнчлэн тэрбээр ОХУ 10 жил тутамд дайн өдөөдөг хэмээн мэдэгджээ.
“ОХУ 10 жил тутамд шинээр дайн дэгдээдэг. Молдав, Гүржийн нутаг дэвсгэрийн хэсгийг энэ улс эзлэн түрэмгийлсэн. ОХУ Сирийг балгас болгосон. Орос байгаагүй бол химийн зэвсгийг хэн ч хэрэглэхгүй байсан. Орос Беларусийг залгисан, Казахстан болон Балтын орнуудад заналхийлж байна” хэмээн Зеленский мэдэгджээ.