Далайн төвшнөөс дээш 2268 метрийн өндөрт орших Цэцээ гүн оргилд Богдхан уулыг тахих ёслол өчигдөр буюу намрын дунд сарын шинийн 25-нд боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Зүүн хүрээ гэгдэх Дашчойлон, Төв аймгийн Манзушир хийдийн лам хуврагууд Дэвжид сэржим, Хан-Уулын сан, Дашчарвийн сан, Намсрайн даллага, Жанлавцогзол номыг айлтгаж Богд хайрханыг аргадсан юм. Ёслолыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нээж хэлсэн үгэндээ \”Өнөөдөр бид Монгол орон, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг тэтгэгч Богд хайрханыхаа тэнгэрийг тахихаар хуран цуглараад байна. Үлгэр домог мэт боловч үнэн түүхтэй, дэлхийн шинэ мандалын дархан газар бүртгэгдсэн Богд хайрханыг уул усаа хайрлан хамгаалж ирсэн эх орончид 1778 онд дархалсан. Тэр жил өнөөгийн Улаанбаатар хотын шав хүн чулууны хонхор хэмээх газар зангидаж байсан учир болоод бэлгэдлийн хувьд бат холбоотой билээ. Энэ хайрханд ургадаггүй ургамал, үрждэггүй амьтан гэж байсангүй. Уул усаа аргадан хамгаалж, ургамал амьтнаа хайрлан амьдарч ирсэн монголчуудын дунд Дүүрэн хишигтэй богд дүнжингаравыгаа түшиж явахад алзахгүй гэдэг байсан өнөөг хүртэл уламжлагджээ. Иймээс өнөөгийн нийслэлийн төр захиргааны байгууллага төрт ёсоо үргэлжлүүлэн хурайлан залбирч байна” гэлээ.
Түүний хэлсэнчлэн Богдхан уулын түүх болон бүтэц нь дэлхийн анхаарлын төвд оршсоор ирсэн. Тухайлбал, Төрийн их тахилгат Богдхан ууланд 300 гаруй төрлийн 520-иод ургамал, 120 жигүүртэн, 40 гаруй зүйлийн хөхтөн амьтан байдаг агаад, амьтан, ургамлаар ийм баян атлаа харьцангуй бага хэмжээний газар нутагтай болохоор дэлхийд хосгүйд тооцогдож ирсэн. Тиймээс 1997 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын асуудал эрхэлсэн хорооноос Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэн авсан. Мөн дэлхийн хамгийн эртний дархан цаазат газар гэдгийг эх сурвалжууд дурдсан байдаг аж. Их Тэнгэрийн аманд байгаа хадны сүг зураг тэргүүтнийг үзэхэд хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсан ул мөр байдаг. Богдхан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд XIII зуунд Хэрэйдийн Ван Хан Туулын Хар шугуйд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ. Тэр үед эндээс зомгол ч авдаггүй байсан гэдэг. Уламжлал ёсоор Төрийн далбааг Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнэ зэргийг залан мандуулж, ёслол үргэлжилсэн юм.
Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж \”Богдхан хайрханы эзэн савдаг Та бүгдийг тайлга тахилгын орондоо урин ирүүлж, магтан залаад, амттан, үнэртний дээдээр зочлон дайлъя аа. Хүлээн авч, хүлцэлдээ багтаана уу” хэмээгээд \”Хүмүүн төрөлхтөн бид зэрэгцээ орших олон ертөнцийн мөн чанарыг таньж чадалгүй, нээж амжаагүй. Тиймээс уул, усныхаа дотоод шивнээ хийгээд оршин тогтнолынх нь учир утгыг мөн л сэтгэлийн мэдрэмж, шашны зан үйлээр дамжуулан хүлээн авахаас өөр замгүй байдаг. Чухамхүү нүүдэлчин монголчуудын аж төрөхүйн хэв шинж, ёс зүйн хэм хэмжээ нь байгаль дэлхийгээ амь шигээ шүтдэг, байгаль дэлхийдээ эцэг, эх, үр хүүхдийнхээ халуун амьтай адил гайхалтай хүндэтгэлтэй харилцдаг. Энэ нь байгаль, хүн хоёрын нарийн нандин, тансаг сайхан харилцааны илэрхийлэл. Энэхүү агуу соёл, ёс заншлыг, өвөг дээдэс минь үүсгэн бүтээж, үеийн үедээ өвлүүлэн уламжлуулсаар иржээ. Манай ард түмэн дээлтэй өвгөдийнхөө өвлүүлсэн, дэлхийд содон энэ уламжлалт ёсыг түүхийн алсрал, цагийн догшролд алдахгүй авч ирсэн. Дахин онцлоход, уулын тэнгэр тайх ёслол нь ирээдүй хойчоо байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн байгаа орчиндоо нандин хайраар хандах монгол өвгөдийн маань дэг сургуулийн нэгэн өдрийн мэт боловч мянган зууны хичээл юм шүү” гэлээ. Улмаар Ерөнхийлөгч ёслолын төгсгөлд шарга морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэж, төрийн их тахилгыг ёслол төгөлдөр болж өндөрлүүллээ.
Б.МЯГМАРДОРЖ