ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэх агуулга бүхий заалт нь Үндсэн хуульд 2019 оны өөрчлөлтөөр тусгасан “Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно” хэмээн заасныг зөрчиж байгаа эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ.
Хуралдаан 9:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.
Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасантай зөрчилдөж байгаа талаар нэр бүхий иргэд мэдээлсэн юм.












































































