Улаанбаатар хотын ШТС-уудад өнгөрсөн амралтын өдрүүдэд бензин тасалдсан. Зарим ШТС дизель түлшнээс өөр шатахуунгүй байна. Цөөн тооны станц АИ-92 бензин худалдаж байсан ч дараалал их байна гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж байв.
Бензин тасалдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдөр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас тодрууллаа.
Тэрбээр, ОХУ-ын Засгийн газраас есдүгээр сарын 20-ны өдөр шатахуун экспортлохыг хязгаарлах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолд дизель түлш хамаарахгүй. АИ-92 хамаарч байна.
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володиныг Монголд айлчлах үеэр уг тогтоолдоо өөрчлөлт оруулж, АИ-92 бензинийг Монгол руу нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийш хүссан бөгөөд манай улсад нааштайгаар шийдэж өгнө гэдгээ мэдэгдсэн юм. ОХУ-ын Засгийн газрын шийдвэр тийм хурдан гарахгүй.
Гэвч бид тасралтгүй ажилласны үр дүнд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2023.10.05/ ОХУ-ын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орж, АИ-92-ын асуудал шийдэгдсэн. Өчигдөр /2023.10.08/ гэхэд 92 вагон АИ-92 орж ирсэн. Өнөөдөр 52 вагон АИ-92 орж ирлээ.
Манай томоохон импортлогчид болон “Петровис”, “Шунхлай”-н шатахуун түгээх станцуудад АИ-92 байсан. “Сод Монгол” зэрэг зарим клонкод бензин байгаагүй. ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарсан есдүгээр сарын 20-ны өдрөөс хойш шатахуун импортлогч ААН-үүд 20 хоногийн хугацаанд нөөцөлсөн шатахуунаа нийлүүлж байв. Зарим клонкийн нөөц дууссан.
Би өмнө нь хэлж байсан. Монгол Улс руу ОХУ-аас түлш ачигдахгүй долоо хоноход л энд улаан гэрэл асдаг. Бид хангалттай нөөцтэй байсан тулд 20 хоног тэслээ. Өчигдрөөс АИ-92 ороод ирсэн учир ард иргэдийг тайван байгаарай гэж хэлмээр байна. Улаанбаатар дахь агуулахдаа бууснаас хойш ШТС-ууд руу, ялангуяа хөдөө орон нутаг руу түгээхэд 2-3 хоногийн хугацаа орох байх гэв.