ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэлд Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж байгааг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулиар зохицуулах хуулийн төслийг боловсруулсан талаар мэдээлэл өглөө.
Ямар төрлийн согтууруулах ундааг ямар хэмжээгээр хэрэглэснээс үл хамааран согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно.
Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдад хөнгөн хохирол учруулсан тохиолдлыг гэмт хэрэгт тооцох өөрчлөлтийг оруулж ирсэн байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдад хүнд хохирол учруулах, хүний амь нас хохироох асуудлыг гэмт хэрэгт тооцдог.
Ийнхүү замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдад хөнгөн хохирол учруулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг Зөрчлийн хуулиас хасаж, шууд гэмт хэрэгт тооцох асуудлыг Хууль зүй дотоод хэргийн сайд Засгийн газарт өргөн барих аж.
Ингэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 450 мянгаас 15 сая хүртэл төгрөгөөр торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, 1-5 жилийн хорих ял оноох гэсэн дөрвөн ялын бодлого баримтлах аж.
Тэгвэл Монгол Улсад өнөөдрийн байдлаар 30-33 мянган хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлаар Зөрчлийн хуулиар торгуулсан гэх статистик байдаг. Манай улсад жилд дунджаар 26 мянган гэмт хэрэг бүртгэгддэг. Ийнхүү замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдад хөнгөн хохирол учруулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг Зөрчлийн хуулиас хассанаар Монгол Улсад гарах гэмт хэргийн дундаж гаралт шууд хоёр дахин өсөх асуудал үүсэх юм. Тиймээс ХЗДХ-ийн сайд олон нийтэд хандан ирэх онд гэмт хэргийн гаралт, статистик тоо огцом өсөх асуудлыг ойлгож хүлээн авахыг уриалсан юм.