Улсын ерөнхий прокурорын газрын Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба, Хөгжлийн банктай хамтран гаргасан “Монгол драй милк” ХХК-иас зээлийн төлбөрт 74 тэрбум төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” гомдлыг Иргэний хэргийг хяналтын шатны шүүх 2023 оны аравдугаар сарын 06-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 74 тэрбум төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийг санхүүжүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулж нийт 14.964.970 ам.долларыг олгосон боловч зээлийг хуваарьт заасан хугацаанд төлөөгүй тул Засгийн газар, Үндэсний аудитын газар, Хөгжлийн банкнаас Улсын ерөнхий прокурорын газарт хандаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлтийг ирүүлсэн.
Прокуророос “Монгол драй милк” ХХК-иас 74 тэрбум төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 онд иргэний хэргийн шүүхэд гаргаж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 58.4 тэрбум төгрөгийг хангаж, үлдсэн хэсэг буюу 15.6 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны зарим зүйл болох “Меланж” ХХК болон “Хан алтай тоосго” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үүргийн гүйцэтгэлд гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс зээлийн төлбөрт 74 тэрбум төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж, барьцаа хөрөнгө болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үүргийн гүйцэтгэлд гаргуулахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн байсан юм.