Сангийн сайд Б.Жавхлан “2024 оны төсвийн төслийг МАН-ын бүлэгт өнөөдөр танилцууллаа. Үргэлжлүүлэн Ардчилсан намын бүлэгт танилцуулна. Ирэх жилийн төсвийн онцлог нь өмнө нь улсын төсөвт хүндрэл учруулж байсан урсгал зардал, хөрөнгө оруулалт зэрэгт төсвийн шинэчлэлийг шат дараатайгаар хийсэн нь. Тухайлбал, өмнө нь зураг төсөвгүй төслүүд болон шинэ төслүүдэд бага төсөв тавьдаг байсан.
Үүнээс үүдэн тэр ажлын төсөв нэмэгддэг, олон жил үргэлжилдэг гэх мэт хүндрэлүүд гардаг байсныг бүрэн зогсоосон.
Ирэх жилийн хөрөнгө оруулалт маш чанартай бөгөөд төсвийн тусгай шаардлага, нарийн зохицуулалт, хууль хяналтыг барьж ажилласан. Тухайлбал, нэг ч зураг төсөвгүй хөрөнгө оруулалтын ажил үгүй. Бид 21 хоногт 16 аймгаар тойрлоо. Иргэдийн саналын дагуу хөрөнгө оруулалтыг жагсааж байгаад ажиллана. Энэ жил нэлээдгүй хөрөнгө оруулалтын ажлууд тавигдсан. Тухайлбал, Эрхтэн шилжүүлэх эмнэлэгт 144 тэрбум төгрөгийг тавьсан. Энэ эмнэлгийг барууны стандартаар барих бөгөөд хоёр жил ТЭЗҮ-г бэлтгэсэн. Алдагдлын хувьд төсвийн тусгай шаардлагыг хангаж ажиллаж байгаа. Бид 2020, 2021 онд өндөр алдагдалтай төсвийг баталсан. Үүнийг шат дараатай буулгаж 2024 оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 болж буурна. Төсөв тодорхой тэлнэ. 60 сая тонн нүүрс боловсруулна гэж тооцсон. Хүүхэд хамгааллын тухайд шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалтыг шийдээд явна. Хүүхэд хамгааллын ажилд зөвхөн сангийн хувьд 8 тэрбум, ирэх жил 14 тэрбум болгож нэмнэ” гэлээ.