Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ.
Баруун Сибирийн хийг Монголоор дайран БНХАУ хүргэх “Сибирийн хүч-2” хоолойн загварыг боловсруулах ажил үргэлжилж байна.
Хийн хоолойн нийт урт ойролцоогоор 6.7 мянган км байх бөгөөд үүнээс 2.7 мянга нь ОХУ-ын нутгаар дамжин өнгөрнө. Хүчин чадал нь жилд 50 тэрбум куб метр бөгөөд Монголын газар нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн урт 962.9 км. Бүтээн байгуулалтын ажил нь 2024 онд эхлэх бөгөөд 2027-2028 онд ашиглалтад орно гэж тооцоолж байгаа аж.
Үүнээс гадна БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулга уулзалтын “Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.
Тэрбээр “Энэ удаагийн чуулга уулзалтаар хамтран гаргаж байгаа “Бүс ба Замын ногоон хөгжлийн төлөөх Бээжингийн санаачилга” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ногоон дэд бүтэц, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжихэд чиглэсэн улс орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой”-г онцлов.
Мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгаль, экологийн хамгаалалтай нягт уялдуулж, байгальд ээлтэй стандарт болон сайн туршлагыг дэлгэрүүлж, цэвэр, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн, байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах”-ын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.
“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт “Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” ерөнхий сэдвийн дор явагдаж байгаа бөгөөд 23 улсын Төр, Засгийн тэргүүн оролцож байна.