Израилын талаас Газын зурвас руу үйлдэж буй бөмбөгдөлтийг зогсоохыг шаардсан жагсагчид энэ сарын 18-ны лхагва гарагт АНУ-ын Вашингтон хот дахь Конгрессын байрнуудын нэг болох Cannon Rotunda руу нэвтэрсэн байна.
Тайван жагсаалыг “Энх тайвны төлөөх еврей дуу хоолой” хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд тус байгууллагын гишүүд өөрсдийгөө сионистыг эсэргүүцдэг еврейчүүд хэмээн нэрлэдэг юм. Тэд “Зэвсэгт мөргөлдөөнд бидний нэрийг ашиглахгүй”, “Еврейчүүд галаа зогсоохыг шаардаж байна” гэсэн бичигтэй цамц өмссөн байв. Түүнээс гадна Капитолын байр руу нэвтэрсэн хэдэн зуун жагсагчид “Галаа зогсоо”, “Газын зурвас дахь энгийн иргэдэд амьдрал бэлэглэе”, “Палестиныг чөлөөл” гэх мэт уриа лоозон барьжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Капитолын байранд болсон тайван жагсаалд 10 мянга гаруй хүн оролцсон байна. Жагсагчид Конгрессын байрыг суллах, орхин гарах тухай цагдаа нарын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан бөгөөд тус жагсаалын үеэр 300 гаруй хүнийг саатуулсан хэмээн Deutsche Welle мэдээлэв.
ЕХ, Израил, АНУ-ын эрх баригчид террорист байгууллага гэж тодорхойлсон Хамас бүлэглэл энэ сарын 7-нд Израил руу халдсан. Халдлагын улмаас 1400 гаруй хүний амь үрэгдсэн юм. Үүнээс гадна Хамас бүлэглэлийн дайчид израилчууд болон бусад орны иргэдийг барьцаалсан байна. Үүний дараа Израилын батлан хамгаалах хүчин Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн эсрэг хариу цохилт өгч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан АНУ болон ЕХ-ны зарим орнуудад Палестиныг дэмжсэн жагсаал болж байна.
Эх сурвалж: ВВС